УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Арвайхээр сумаас Алтан төлийн эзнээр тодорсон малчинд шагналыг гардуулж өглөө.
Сар шинийн өмнөхөн Улсын аварга малчин болсон болон Алтан төлийн эзэн болсон малчдад шагналыг нь гардуулж өгдөг уламжлалтай. Энэ жил Өвөрхангай аймгаас Улсын аварга малчин 7, Хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Аварга тариаланч тус бүр нэг тодорсон. Мөн анх удаагаа Арвайхээр сумаас Алтан төлийн эзэн тодорлоо. Аймгийн хэмжээнд малын тоо толгойгоороо 9-т бичигддэг Арвайхээр сумаас анхны Алтан төлийн эзэн тодорч байгаа нь энэ ажээ. Шагналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гардуулан өглөө. Залуу малчин П.Дэмбэрэлдорж энэ онд 2229 мал тоолуулсан байна. Мөн 38хан настай хэдий ч үеийн олон залуу малчидтай хөдөлмөрөө хоршиж, бие биедээ дэм болж, амжилттай хөдөлмөрлөж яваа үлгэр жишээ залуу. Цаашдаа илүү өндөр амжилт гаргаад зогсохгүй хөдөлмөрлөх чин хүсэлтэй залуу гэр бүлд дэм болж, хөдөлмөрөө хоршин ажиллах тухайгаа ч бидэнтэй хуучлаад амжсан. Залуу хүний зорилго мөрөөдөл дүүрэн, малчин хүний ур ухаан бахдам Алтан төлийн эзэн, Залуу малчиндаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.