Холбоо барих

Видео мэдээ Бүгдийг үзэх

Танилцуулга

УИХ-ын гишүүний танилцуулга

Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Төгссөн сургууль, мэргэжил

1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль

1986 - 1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч

1996 - 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр

2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр


Эрдмийн зэрэг, цол

Төрийн удирдлагын магистр


Ажилласан байдал

1991 - 1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга

1996 - 2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга

2000 - 2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

2008 - 2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


Шагнал

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

2006 онд Төрийн хяналтын тэргүүний ажилтан

Алтан гадас одон

Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан

Байгаль орчин, хэмжил зүйн тэргүүний ажилтан


Гадаад хэл

Орос


Цахим шуудан

togtokhsuren@parliament.mn

Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөв.
Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөв.

Дуламдоржийн Тогтохсүрэн Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөлөө.

2016 оны ээлжит Улсын Их Хурлын сонгуульд 20-р тойрог буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сумдад Монгол Ардын Намаас нэр дэвшиж 63,8 хувь буюу хамгийн өндөр хувиар Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн нэг боллоо. Д.Тогтохсүрэн нь Өвөрхангай аймагтаа 20 гаран жил тасралтгүй хөдөлмөрлөж зүтгэсний 16 жилд нь нутгийн удирдах байгууллагад ажиллаж, нутаг орны хөгжлийн төлөө хөдөлмөрлөж ирсэн. Тэрээр аймаг орон нутгаа удирдаж ажиллахдаа улсын шилдэг тэргүүний аймгаар удаа дараалан шалгаруулсан төдийгүй эдийн засаг, хүний хөгжлийнхөө чиглэлд тууштай анхаарч ажилласан төрийн тэргүүний түшээ юм. 

Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан боллоо.
Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан боллоо.
Өнөөдөр Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанаар Шинээр сонгогдсон төлөөлөгчид аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэхээ гардан авлаа. Аймгийн ИТХ-ын даргаар Арвайхээр хотын захирагч А.Ишдорж, Аймгийн Засаг даргад Г.Ганболдын нэрийг дэвшүүлж, олонхийн саналаар дэмжигдлээ. Хурлаас гаргасан энэхүү шийдвэрийг МУ-ын Ерөнхий сайдад өргөн барьж, албан ёсоор аймгийн Засаг даргын бүрэн эрхийг нь баталгаажуулна. 8 жил Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажилласан Д.Тогтохсүрэн энэ үеэр орон нутгийн шинэ удирдлагуудад амжилт хүсч, баяр хүргэлээ. Өвөрхангай аймаг сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжлийн томоохон жишиг болж чадсан нь Д.Тогтохсүрэн даргын тууштай, тогтвортой, хүн төвтэй зөв бодлогын үр дүн байлаа гэдгийг хурлын төлөөлөгчид болон нутгийн удирдлагууд илэрхийлж, талархаж байсан юм. Цааш цаашдаа ч Өвөрхангай аймгийн хөгжлийн өнгө төрх улам бүр тодоор гэрэлтэнэ бизээ
Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит “Алтан Соёмбо” одонгоор шагнагдлаа.
Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит “Алтан Соёмбо” одонгоор шагнагдлаа.
Өвөрхангай аймгийн дээд шагнал болох Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит “Алтан Соёмбо” одонгоор шагнагдлаа. Д.Тогтохсүрэнгийн Өвөрхангай аймгийнхаа сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлсэн бодит үйл хэрэг, чин сэтгэл, зүтгэлийг нутгийн түмэн олон үргэлж өндрөөр үнэлж, халуун талархал илэрхийлж байдаг. УИХурал болон Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр үнэмлэхүй олонхын санал авч Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсон аймгийн засаг даргын үүрэг ажлаа хүлээлгэж өгөх үеэр тус шагналыг гардуулсан юм. Аймгийн ИТХ-ын даргаар 8 жил, Аймгийн засаг даргаар 8 жил буюу нийт 16 жилийг Өвөрхангай аймгаа удирдаж өнгөрүүлсэн тул тус аймгийн хөгжил цэцэглэлтийн түүхийн хамгийн тод өнгө гэрэл яах аргагүй энэ хүн билээ. 
Өвөрхангай аймаг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.
Өвөрхангай аймаг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.

Өвөрхангай аймаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. 
Өвөрхангай аймгийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас, одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж нэг том аймаг болон анх байгуулагдсан түүхтэй. 85 жилийн түүхт энэ аймаг өдгөө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 109 багтай, 112.7 мянган хүн амтай, аймгийн төв Арвайхээр хотод 8.8 мянган айл өрх, 33.2  мянган хүн оршин суудаг Монгол улсын томоохон аймгуудын нэг болсон. 
Аймгийн 85 жилийн түүх, ололт амжилт, нутгийн ард иргэдийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Энэхүү шагналыг Өвөрхангай аймгийн баяр наадмын үеэр аймгийн туг сүлдэд зүүж, нутгийн түмэн олонд гардуулан өгсөн юм. 

Улсын Их Хурлын чуулган: Орхон голын асуудлыг онцгой анхаараарай.
Орхон гол нь Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн 54 сум, суурин газрыг дайран, 1124 км газар урсч  Сэлэнгэ мөрөнд нийлж, улмаар ОХУ-ын Байгаль нуурт цутгадаг Монголын томоохон голуудын нэг. Гэвч Орхон гол сүүлийн жилүүдэд маш хурдацтай бохирдож, улаанаараа эргэх болсон. Үүнд тухайн голын эхэнд буюу Архангай аймгийн Цэнхэр сумын Шийртийн хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудаас шууд хамаарч байгаа. Иймээс Байгаль орчны орчны сайд болон холбогдох байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хүсэв. 
Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт Эрүүл мэндийн төвүүд шинэ байранд үйл ажиллагаагаа явуулах боллоо.
Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт Эрүүл мэндийн төвүүд шинэ байранд үйл ажиллагаагаа явуулах боллоо.
Хүн амын тоогоор улсдаа дээгүүрт бичигдэх болсон Арвайхээр хот албан бус оршин суугчидтайгаа нийлээд 30 000 хол давсан тооны иргэд аж төрж байгаа мэдээ бий. Энэ чинээгээр ч хүн амд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж байгаа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал өндөр байдаг. Иймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шинэ байртай болгох хэрэгцээ шаардлага бий болж байсан. Харин энэхүү асуудлыг 2016 оны эхээр тухайн үеийн засаг дарга Д.Тогтохсүрэн гарц, шийдлийг нь тодорхойлж, санхүүжилтийг нь бүрэн шийдвэрлэж чадсанаар Өрхийн эрүүл мэндийн төвүүд шинэ байрандаа орж эхлээд байна. Арвайхээр суманд шинээр 3 Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтанд орж, ойролцоо баг, хороодоор нэгтэн Өрхийн эрүүл мэндийн төвүүд үйл ажиллагаагаа явуулах юм байна. Өнөөдөр 13 000 орчим иргэдэд эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээ хүргэх Арвайхээр сумын 3,4,7,8-р багуудын Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр "Цааш цаашдаа хүн амын эрүүл мэнд, боловсрол зэрэг суурь хэрэгцээг хүргэх байгууллагуудын байр, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, хангамж зэрэгт анхааран ажиллах болно" гэдгээ Улсын Их Хурлын Гишүүн Д.Тогтохсүрэн илэрхийлж байлаа. 
Д.Тогтохсүрэн: Би Орхон голын асуудалд онцгойлон анхаарч ажиллана.
Д.Тогтохсүрэн: Би Орхон голын асуудалд онцгойлон анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх дөрвөн жилд Монгол Улс ямар замаар явах уу гэдгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр тодорхойлох учиртай. Сонгогчдын дэмжлэгийг хүлээж, парламентад олонх болох боломжийг нээж өгсөн намын мөрийн хөтөлбөр өөрөө Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн суурь нь болж цаашаа явна. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 96 орчим хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан гэж намын зүгээс үзсэн. Мэдээж хэлэлцүүлгийн шатанд чамбайруулах асуудлууд байгаа. Ирэх дөрвөн жил эдийн засгийн хувьд маш хүнд байхаар харагдаж байна. Эхний хоёр жилдээ бид эдийн засгийн уналтыг тогтворжуулах, өсөлт бий болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Сүүлийн хоёр жилд нь эдийн засаг жаахан өндийх болов уу. Тэр үед эрх баригч нам мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд анхаарах боломж үүснэ гэж харж байна.
-Төсвийн тодотголын хүрээнд хийгдэх хэмнэлтийн горим нь өнөөдөр хэрэгжих шаардлагатай зайлшгүй асуудлуудын нэг гэдэгтэй та санал нэгдэх үү?
-Улсын төсвийн өнөөгийн нөхцөл байдлыг бид сонсоод ний нуугүй хэлэхэд их цочирдсон. Улсын төсөв өнөөдөр маш хүнд нөхцөл байдалд орчихоод байна. Ганцхан жишээ хэлэхэд, Төсвөө өнгөрсөн парламент 7.7 их наядаар баталсан. Гэтэл төсөвт орохгүйгээр 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө зарчихсан байгаа юм. Ингэхээр улс хүнд байдалд орохгүй яах юм. Одоо 2.4 их наядаа төсөвт оруулаад ирэхээр жилийн төсвийн алдагдлын хэмжээ 20 хувьд хүрч байна. Уг нь төсвөө батлахдаа 3.5 хувь байхаар тооцсон. Төсөв ийм хүнд байгаа нөхцөлд бол хэмнэлтийн горимд шилжихээс өөр арга алга.
-Гэхдээ тухайлсан халамжуудыг зогсоохоор төсвийн тодотголд тусгасан нь өрхийн амьдралд шууд байдлаар хүнд тусах нь ээ? 
-Мэдээж учиртай хандах асуудал байна. Хувь гишүүнийхээ зүгээс ярихад ийм үед нийгмийн халамжийн хэсэгт таналт хийх нь зүйтэй юу гэвэл зүйтэй. Энэ хүрээнд удирдлагын зардлыг багасгаж байгаа нь зөв. Яг ард түмний нуруун дээр очдог зарим асуудлууд дээр нухацтай хандах хэрэгтэй. Хүүхдийн мөнгөний хувьд 60 хувьд нь хязгаарлалт хийгдэхээргүй байгаа. Энэ хэсэг хүүхдийн мөнгөө аваад яг амьдрал ахуйн өнөө маргаашийн хэрэгцээндээ зарцуулдаг. Үлдсэн хэсэг нь шууд байдлаар хэрэглэдэггүй гэсэн үг. Гэхдээ 2018 оноос энэ хэсэгт мөнгийг нь нөхөж олгохоор байгаа. Мөн 36 сарын тэтгэмжийн асуудал нэлээд маргаан дагуулж байгаа. Жилдээ 102 тэрбум зарцуулагдах тооцоотой. Сүүлийн хоёр жил тэтгэвэрт гарчихсан мөртлөө тэтгэмжээ авч чадаагүй иргэдийн 30 гаруй тэрбумын асуудал хүлээгдэж байна. Оюутны 70 мянгыг зогсоох асуудал. Энэ мэтээр төсвийн тодотголыг хэлэлцэх явцад нийгмийн хамгааллын зарим асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуулттай бид тулсан. Эдгээр асуудлуудыг улстөрийн шийдлийн үүднээс нь дахин ярих хэрэгтэй гэж үзэж байгаа.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотголын хүрээнд яригдаж байгаа асуудлууд сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан зүүний үзэл баримтлалтай эрх баригч намын үнэт зүйлүүдтэй хэр нийцэж байгаа гэж та үзэж байна?
-Эдгээр хуулийн төслүүд эцэслэн батлагдаагүй байна. Халамжуудыг шууд зогсоочихсон гэсэн үг биш. Гэхдээ үүний цаана нэг л ойлголт байна. Монголчууд хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэдэг. Нийгмийн хамгаалал чиглэлд мөнгө төсөвлөмөөр, төлөвлөмөөр байвч бидэнд өнөөдөр мөнгө алга байна. Орон нутгийн хувьд халамжинд суурилж амьдардаг хэсэг нэлээд бий. Манай тойрогт л гэхэд ийм өрхүүд өчнөөн байна. Хамгийн гол нь өгөх мөнгө нь алга. Тиймээс хий санаа зовоод л явж байна.
-Төсвийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлаар өөр ямар гарц байж болох уу?
-Нэгдүгээрт, Стэнд бай хөтөлбөрт хамрагдах. Энэ хөтөлбөрт бас сайн тал байна. Төсвийн сахилга бат сайжирч, удирдлагын зардал багасна. Хавтгайрсан халамжийн зардлуудыг багасгаснаар төсвийг эрүүлжүүлдэг талтай. Сул тал нь халамжийг хэтэрхий хумчихдаг. Хоёрдугаарт, хаанаас орлого олох уу гэдгээ тодорхойлох. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2018 он гартал өөдрөг төсөөлөлгүй байна. Нөгөө талд гадаад зах зээл дээрээс хамгийн багадаа 10.8 хувийн хүүтэйгээр мөнгө босгох аргачлал байгаа. Ерөөсөө эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уаналт, өндөр хүүтэй зээлийн нөлөөнөөс л үүдэж унасан. Тэгэхээр бид давхар ачаа үүрээд байгаа. Үүндээ гарцаа зөв олж, асуудлаасаа гарах хэрэгтэй.
-Засгийн газар ирэх дөрвөн жилд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд 5.9 их наяд төгрөгийг хувийн хэвшлээс татах тооцоо гаргаж. Гэтэл бодлогын хүү нэмэгдсэнээр хувийн хэвшлийнхэн төрийн ачаа үүрэлцэх ямар ч чадамжгүй болох биш үү?
- Төсвөө хэмнээд, хасаад, танаад эдийн засгийн хүндрэлээс гарах хатуу аргаар гарах арга байна. Дараачийн боломж нь эдийн засгаа тэлэх хэлбэрээр энэ бүхнийг давах аргачлал юм. Эдийн засгийг бодлогын хүрээнд тэлэх асуудлыг төсвийн тодотгол, засгийн газрын мөрийн хөтөлбөр хэлэлцэгдэж буй энэ үеэр сайн сөхөж ярих хэрэгтэй. Эдийн засгаа тэлэх замаар хямралаас гаръя гэвэл хувийн хэвшлээ дэмжих шаардлагатай тулна. Ямар боломж байна. Гадагшаа бүтээгдэхүүнийг нь нэвтрүүлэх, дотооддоо бдлогоор дэмжих гээд бүхий л аргаа хэрэглэх хэрэгтэй. ААН-үүдийг хөдөлгөөнд оруулж байж л бид өнөөдөр урагшаа явна. Одоогийн нөхцөл байдлаас харахад, дээрх хоёр аргыг хослуулж хэрэгжүүлэх арга зам нь илүү үр дүнтэй харагдаж байгаа. Тийм учраас би эдийн засгийг хэмнэлтийн огримд шилжүүлэх нь зүйтэй. Гэхдээ нөгөө талд хувийн хэвшлээ зайлшгүй дэмжиж байж л ажил урагшаа явна гэж харж байгаа.
-Хувийн хэвшлийг дэмжих асуудал яригдахаар татвар нэмэх бодлого харшилдаад эхэлнэ?
- Хувь гишүүнийхээ зүгээс татварын нэмэгдлийг дэмжихгүй байгаа. Засгийн газраас найман төрлийн татварыг нэмэх санал оруулж ирсэн байна лээ. УИх-ын гишүүд засгийн газар саналаа эргэж харахыг хүсэж, татвар нэмэхгүй байх асуудлаар хүчтэй байр сууриа илэрхийлж байна. Засгийн газар саналаа эргэж харах болов уу. Ер нь татвар нэмээд л байх юм бол бид бизнесээ хумиад л байна гэсэн үг. Цаашид татвар төлөгчдийнхөө тоог олшруулж, тэднээс бага татвар авч төсвөө бүрдүүлж байж л бид сэхнэ. Дан татварын нэмэгдлээр бид хямралаас гарахгүй. Өөр олон боломжуудаа ашиглах ёстой.
-Өөр боломж гэснээс МАН-ын зарим гишүүд том төслүүдийнхээ эзэмшлийг зарж, роялти татвар авах замаар хямралаас гэтлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байна. Таны хувьд?
-Нам дээр энэ асуудлаар эцсийн шийд гарч, ярилцсан асуудлал байхгүй. Хувь гишүүдийн байр суурь л явж байна. Засгийн газраас ч том төслүүдээ зарах асуудлаар төсөл өргөн бариагүй байна. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр уул уурхайн түүхий эдийн үнэ нам байгаа нь үнэн. Гэхдээ тодорхой хугацааны дараа өсч л таарна. Тийм учраас хямралаар далимдуулж орлого олдог зүйлээ үнэгүйдүүлж болохгүй гэсэн бодолтой байгаа.
-Орхон голын бохирдлын асуудал анхаарал татсаар удлаа. Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүний хувиар энэ асуудал дээр хэрхэн ажиллаж байна?
-Сүүлийн үед бид Орхон голын асуудал дээр нэлээд анхаарал тавьж ажиллаж байна. Манай Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр дээгүүр нийт 1100 гаруй км үргэлжлэн урт урсдаг, Монгол Улсын таван аймгийн 63 сумыг хамарч урсдаг том гол. Олон гол эх авдаг. Эх авдаг голуудын нэг цэг буюу Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт дэвсгэр дээр алт олборлоод байна. Үүний улмаас сүүлийн Орхон гол 3-4 жил бохирдолтой байна. Тийм учраас би анхдугаар чуулганы үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нь тухайлан сануулсан. Энэ дагуу ажлын хэсэг очиод заримыг нь хаах арга хэмжээ авсан байна лээ. Гэхдээ бодит үр дүн гарахгүй байна. Иймээс ирэх сараас УИХ-ын зарим гишүүдийн оролцоотойгоор салбар яам, Ашигт малтмалын газар, МХЕГ-ын газруудаас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар болсон.
-Ажлын хэсгээс ямар үр дүн хүлээж байна?
-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг хаах уу. Хаахгүйгээр шийдвэрлэх өөр ямар гарц байна. Холбогдох арга хэмжээг яаж авах уу гэдгээ газар дээр нь ажиллаж байж шийдэх юм. Энэ асуудал өөрөө олон газарт хамаардаг учраас ажил нь цалгардаад, явж өгөхгүй байгаа юм. Уул уурхайн компаниудын тухайд үйл ажиллагааг нь хаасан ч эргээд эхлүүлчихдэг. Гол нь уул уурхайн компаниуд ашигласан талбайгаа өөр компаниудад зарчихдаг. Тэр талбайг авсан хууль ёсны эрхгүй компаниуд байгалийг ингэж бохирдуулаад байна. Нутгийн иргэд энэ талаар маш их шүүмжлэлтэй ханддаг. Одоо нэг талд нь гаргаж, зохистой байдлаар шийдэх цаг нь болсон.
Ж.МЯДАГБАДАМ

Онцлох арга хэмжээ

Ачааллаж байна ..